Wednesday, February 3, 2010

Яачихсан юм бэ бид нар??

Энэхүү Монгол хэмээх Улсыг байгуулах гэж амь биеэ үл хайхран зүтгэж явсан Чингис хаан түүний цэргүүд, Мандухай Цэцэн хатан, Хатан Баатар Магсаржав, Сүхбаатар гэх мэт маш олон баатарлаг эрс, эмэгтэйчүүд хэрэв биднийг одоо харан суудаг бол тэд “Бид ийм улс байгуулахын төлөө зүтгээгүй юмсан” хэмээн харамсаж, нулимс унагаж суудаг биз. Олон жил яс махтайгаа хатаж, хамаг хүчээрээ зүтгэн байгуулсан улс нь хэдхэн жилийн дотор арчаагаа алдах гэж дээ.

Эрт цагт бидний энэ сайхан эх орон маань дийлдэшгүй хүчирхэг хэмээгдэн харь улсын ардыг өмнөө сөхрүүлж явсан билээ. Тэр үед ардууд болон төр хоёр нэг нэгнээ харилцан хүндэтгэн оршиж байсан ажгуу. Гэтэл өдгөө энэ бүхэн мартагдан төр нь ардуудаа, ардууд нь төрөө хүндлэхээ больж хаа сайгүй Монгол хүн Монгол хүнийхээ цусыг сорж байгааг хэн бүхэн мэдэж байгаа билээ. Тэр үед хууль гэдэг хууль байсан. Хуулийг гажуудуулвал цаазыг үзнэ, хууль гажвал цаазыг үзнэ гэдэг байлаа. Бид юу ч хийж бүтээхгүй атлаа өнгөрснөө сөхөж "бид хүчирхэг, олон улсыг өмнөө сөхрүүлж явсан" хэмээн ярьдаг. Бид хичнээн их тэгэж яриад эргээд хүчирхэгжихгүй нь лав.

Бид Чингис хааны үр сад гэж цээжээ хий хоосон дэлдэж гүйнэ. Ядаж дэлхийд хэрэгтэй, хүн төрөлхтөнд хэрэгтэй маш том сайхан зүйл цогцлоон би болгочихоод “Би Монгол хүн, Чингисийн үр сад үүнийгий хийлээ” хэмээн цээжээ дэлдэж гүйвэл сайхансан.

Энэ тэрүүгээр явж байхад Монгол хүн Монгол хүнээ дээрлэхсэн хэмээх зүйл сонсогдож мөн үзэгддэг.

Үдэш болгон зурагтаар "тэр Монгол хүн тэр Монгол хүнийгээ тэгэж шулж мөлжсөн" "тэр Монгол сайд тэндээс их хэмжээний мөнгө завшсан" гэх мэт ЗОВЛОН л гарна.

Гудамжаар алхах үед зам дээр тасарч унасан архичид. Яагаад архинд орчихвоо хэмээн асуувал НИЙГЭМ ИЙМ БОЛГОЖ БАЙНА хэмээн ярьна. Үнэхээр нийгэм хүнийг ийм болгож байна мөн зарим нь өөрсдийн арчаагүйгээс л ийм болж байгаа.

Олон хүмүүс эх орныхоо төлөө үнэн сэтгэлээр зүтгэдэг ч арчаагүй дарга сайд нар болоод хатран ажилладаг хүмүүс нь тэрхүү сайхан сэтгэлийг үгүй болгодог.

Дарга нар нь улсаа боддог ч болоосой. Амин хувийн эрх ашигаа ганц ч болов хойш нь тавьж ард иргэд болоод эх орноо бодож үзээсэй.

Энэ бүгдийг хараад нүд минь өвддөг, харамсаад элэг зүрх минь эмтэрдэг. Хаа сайгүй Монгол охид хөвгүүд маань хоорондоо англи хэлээр харилцана. Хэл нь эвдэрвэл сэтгэхүй нь дагаад эвдэрдэг гэдэг. Гадуур үндэснийхээ хувцастайгаа явахаас ичдэг тэд, өмсөж яваа нэгнийг нь ЯАСАН ТЭНЭГ ЮМ хэмээн шоолж инээнэ. Төрийн тэргүүн болон зарим нэг хүмүүс нь Монголын гэсэн зүйлээ устгахыг хичээнэ. Ямар сайндаа харь нутгийн Шарын шашныг Бөө Мөргөлөөс дээгүүр тавин үзэж түүнийгээ төрийн шашин болгоно хэмээн хөөцөлдөж явах вэ дээ!

Монгол ёс хэмээгдэх зүйлс үгүй болж эхэлжээ. Ихэсийн газрыг хүндлэх энэ тэр байхгүй, залуучууд нь өтгөс буурлаа хүндэтгэх гэдэг бараг байхгүй, сурагчид багш хүнийг хүндлэхээ ч больж дээ. Үнэндээ нийгэм л хүмүүсийг ийм болгож байгаа даа. Даяарших тусам л сайхан зүйлүүд үгүй болж байна.

Зарим хүмүүс түүхээ ч мэдэхээ байж. Монголын Нууц Товчоог хэн бичсэн бэ хэмээн асуухад Нацагдорж хэмээн хариулж, жаахан хүүхдүүдээс Чингис хаан гэж хэн бэ хэмээн асуухад өөдөөс АРХИ хэмээн хариулж байна.

Ийм байдлаасаа бүгд салцгаах цаг болсон гэж би бодож байна. Би хичнээн үглээд ч яах билээ. Хүн бүр дор бүрнээ хичээвэл энэ зүйлээс амархан салж чадна гэж би боддог.


No comments:

Post a Comment